MONGOLX.MN: Баримт, судалгаа, эрэн сурвалжлага

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хувьчлал

ТОВЧХОН (БАРИМТЫН ТОВЧООН)

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суурь 1958 онд тавигдаж 1959 онд ашиглалтанд орсон. БНХАУ-ын тусламжтайгаар байгуулагджээ. Төмөр бетон болон тоосгон холимог хийцтэй. Харин төв асрыг 1971 онд монголын тал гүйцээж барьжээ.  Түүнээс хойш Монгол Улсын төрийн баяр наадмын үндсэн арга хэмжээ энд болж байна. Анх 15 мянга, хожим нэмэгдүүлээд 20 мянган хүний багтаамжтай болсон. Нийтдээ 105 х 68 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай. Гэхдээ Төв цэнгэлдэх хүрээлэнд зөвхөн дугуй стадион биш, түүний эргэн тойрны газар, тэнд байршсан сур харваа, шагайн харваан талбай, үйлчилгээний туслах барилга байгууламжууд хамаардаг.

Төв цэнгэлдэх хүрээлэн нь 1992 он гэхэд 100 хувь төрийн мэдэлд байсан. Харин 2018 оны байдлаар 51 хувийг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК нэртэй хувийн компани (захирал Т.Нямдаваа), 49 хувийг нийслэл Улаанбаатар хотын захиргаа эзэмшиж байна.

Бараг 25 жилийн турш тасралтгүй үргэлжилж байгаа энэ хувьчлалын цаана юу болсон ба болж байна вэ?



Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хувьчлалын цаглабар

1990.  Төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулав.

Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 6-р сарын 7-ны 116 тоот тогтоолоор Төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэлийн өмчит үйлдвэрийн газар болгожээ.

1991 он. Төв цэнгэлдэх хүрээлэнг Улсын үйлдвэрийн газар болгосон ба хувьчлахаар шийдвэрлэв 

Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 12-р сарын 25-ны 364 тоот тогтоолоор (Улаанбаатар хотын АХГЗ-ны дарга Л.Энэбишийн гарын үсэгтэй) Төв цэнгэлдэх хүрээлэнг Аж ахуйн нэгжийн хуулийн заалтад нийцүүлэн улсын үйлдвэрийн газар болгон байгуулж дүрмийг баталжээ. Мөн тус хүрээлэнг хувьчлах асуудлыг 1992 оны 1-р улиралд багтаан шийдвэрлэхийг Хотын өмч хувьчлалын комисс (н.Ганхуяг)-т даалгасан байна.

1992 он. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хувьчлалтай холбоотой шийдвэрүүд

Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 07-р сарын 30-ны 185 тоот тогтоолоор Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хувьчлалд хамаатай шийдвэрүүдийг гаргажээ. Энэ талаар тодорхой мэдээлэл байхгүй.

1993 он. Төв цэнгэлдэх хүрээлэнг хувьчилж төрийн өмч давамгайлсан хувьцаат компани болгов 

Улаанбаатар хотын ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1993 оны 5-р сарын 24-ны өдрийн 48-р тогтоолоор Төв цэнгэлдэх хүрээлэнг төрийн өмч давамгайлсан бүрэн бус хариуцлагатай компани болгон хувьчлах, дүрмийн сангийн 30 хувьтай тэнцэх 8082,2 мянган төгрөгин хөрөнгийг ажилчдад нь 8079 ширхэг ягаан тасалбараар худалдаж, 30 хувийг ягаан тасалбарын захаас авахаар, үлдэх 18892.0 мянган төгрөгийн хөрөнгийг төрийн мэдэлд үлдээхээр шийдвэрлэсэн байна. Ингэснээр төрийн өмч давамгайлсан хувьцаат компани болжээ.

Энэ 30 хувийг тус цэнгэлдэх хүрээлэнгийн даргаар ажиллаж байсан Т.Нямдаваа өөрийн ах дүү нарын дөрвөн хүний хамт ягаан тасалбараар авчээ. Бас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хамт олны нэрээр  менежментийн хувьчлалаар авч ажиллаж байсан тухай мэдээлэл байдаг.

Улмаар нийслэлийн өмч хувьчлалын комиссын 1993 оны 9-р сарын 25-ны өдрийн “Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 99 дүгээр тогтоолоор дээрх тогтоолоор баталсан дүрмийн санг өөрчилж 26539,9 мянган төгрөгөөр баталж, 432,2 мянган төгрөгийн павильеоны үнийг төрийн өмчид ногдох 70 хувиас хасаж тооцохоор тогтоосон ба энэ нь дүрмийн сангийн 1,6 хувь буюу 2 ширхэг хувьцаа юм.

2000. Т.Нямдаваа нар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХКийн 49 хувийг эзэмших болов

Төрийн өмчийн хорооны 2000 оны 8-р сарын 10-ны (хугацааг анзаарна уу) 31 дүгээр тогтоолоор “Төв цэнгэлдэх хүрээлэн”ХХК-ийн төрийн мэдлийн 19 хувийн үнийг 29.307.800 төгрөгөөр тогтоож худалдахаар шийдвэрлэж, компанийн 30 хувийг эзэмшигчдэд худалдах санал тавьсны дагуу Т.Нямдаваа нар худалдан авчээ.

Үүнийг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хууль бус үйлдэл гэсэн шүүмжлэл байдаг.

2004. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн 51 хувийг Т.Нямдаваа нарт эзэмшүүлэх шийдвэр гаргажээ. 

Яг хугацаа нь тодорхойгүй боловч барагцаалбал энэ үед Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид тогтоол гаргаж “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн 2 хувийг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Жанцанд худалджээ. Энэ хууль бус гэдгийг Нийслэлийн өмчийн харилцааны газрын албан тушаалтнууд нотолж байсан. Харин Ж.Жанцан тэр хувиа П.Нямдаваад зарсан гэдэг мэдээлэл бий.

“Төв цэнгэлдэх хүрээлэн”ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2004 оны 02 тоот протокол үйлдэж төрийн өмчид ногдох хувийг 49 хувь, хувийн өмчийг 51 хувь болгох шийдвэр гаргажээ. Тодруулбал, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Дэлгэрнаран 2004 оны наймдугаар сарын 16-нд нийслэлийн өмч хувьчлалын комиссын 1993 оны 48 тоот тогтоолоор баталсан дүрмийн санг өөрчлөн, 432.2 мянган төгрөгийн үнэтэй II павильоныг төрийн өмчийн 51 хувиас дахин хасуулж төрийн өмчийг 49 болгон бууруулах шийдвэр гарган гарын үсгээ зуржээ. Энэ нь 1993 онд хассан хөрөнгийг дахин хассан хэрэг байлаа.

Үүнийг татварын шинэ хууль гарсан зэргээр тайлбарладаг ихээхэн маргаантай шийдвэр байсан ба хожим нийслэлийн удирдлага энэ асуудлаар шүүхэд хандсан байдаг.

Мөн дээрх шийдвэрийг үндэслэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Т.Нямдаваа, гишүүнээр Л.Чинбат, төрийн өмчийг хэрэгжүүлж буй гишүүнээр Нийслэлийн өмчийн харилцааны газрын мэргэжилтэн Д.Дэлгэрмөрөн, Б.Бүрэнцэцэг нарыг сонгож, дүрмийг шинээр баталсан байна.

Эхэнд очих

2006. Төрийн мэдлийн 51 хувийг баталгаажуулахаар болов

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХК-ийн нэхэмжлэлийн дагуу нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2006 оны 65 дугаар шийдвэрийн гарчээ.

Энэ шийдвэрийн дагуу Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2006 оны 5-р сарын 24-ны өдрийн 118 дугаар тогтоолоор нийслэлийн өмчийн оролцоотой “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн дүрмийн сангийн хувь хэмжээг тодорхойлох асуудлыг судалж санал боловсруулах ажлын хэсэг байгуулж дүгнэлт гаргуулсан.

Уг дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн ИТХ-ын 2006 оны 6-р сарын 20-ны өдрийн 151-р тогтоолоор “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХК-ийн төрийн мэдлийн 51 хувийг баталгаажуулахыг Засаг дарга Д.Батбаярт үүрэг болгож, 51 хувийг хувьчлах тухай Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2004 оны 63-р тогтоолыг хүчингүй болгосон байна.

2007. Нийслэлийн өмчийн харилцааны газрын төлөөлөл хуралдаж шийдвэр гаргажээ

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн төрийн төлөөлөл болох нийслэлийн өмчийн харилцааны газрын мэргэжилтэн Ц.Болд, Б.Норжинлхам, Ж.Ганболд нар дангаараа төлөөлөн удирдах зөвлөлийн хурал хийж, даргаар Ц.Болд, нарийн бичгийн даргаар Б.Норжинлхам нарыг томилж, ТУЗ-ийн 2004 оны 2, 2005 оны 2-р тогтоолуудыг хүчингүй болгосон тогтоол гаргасан байна.

2007-2008. Т.Нямдаваа нар шүүхэд хандав

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-ийн дарга гэх Т.Нямдаваа захиргааны хэргийн шүүхэд хандаж Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2006 оны 6 дугаар сарын 20-ны 151 дүгээр тогтоолын нэг, гурав дахь заалт, Нийслэлийн өмчийн харилцааны газрын мэргэжилтэн Ц.Болд, Б.Норжинлхам, Ж.Ганболд нарын хуралдуулсан 2007 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ТУЗ-ийн хурал, тус хурлын 01 дүгээр тогтоол болон компанийн эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр хууль бусаар хийлгэсэн дардас бүхий тамгыг тус тус хүчингүй болгож, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн дүрмийн санд эзэлдэг хувийн өмчийн 51 хувийг баталгаажуулаар шүүхэд хандсан байна.

Үүний дагуу Нийслэлийн захиргааны хэргийн шүүх 2007 оны 7-р сарын 17-ны өдөр 183-р шийдвэрээр Т.Нямдаваагийн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгов.

Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2007 оны 10-р сарын 16-ны өдрийн 200 дугаартай магадлалаар Т.Нямаваагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

Эхэнд очих

2008. Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Т.Нямдаваагийн талд шийдвэр гаргажээ 

Дараа нь 2008 оны 1-р сарын 10-ны өдөр Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаан болов.

 

Хариуцагч Нийслэлийн ИТХ-ын дарга Н.Болормаа тайлбар хийхдээ, өнгөрсөн 14 жилийн хугацаанд нийслэлийн оруулсан хөрөнгө оруулалтыг тооцож гаргах, төрийн өмчийн оролцоотой Төв цэнгэлдэх хүрээлэнгийн нийт хөрөнгийг нэг
бүрчлэн тоолж үнэлэх, нийт хөрөнгийн аль нь нийслэлийн өмч болон хувийн өмч болохыг ялгаж зааглаагүй холимог байдлаар явж ирсэн ба нийт өмчид хамтарсан тооллого явуулж, нэмэгдсэн хасагдсан хөрөнгийн жагсаалт гаргаж, нийслэлийн өмчийг зааглан зах зээлтэй уялдуулж дахин үнэлгээ хийлгэх ажил хийгдээгүй
байхад “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2004 оны 02 тоот протоколоор төрийн өмчийг дур мэдэн 49 хувь, хувийн өмчийг 51 хувь болгон шийдвэрлэсэн нь хууль бус үйлдэл юм гэжээ.

Мөн хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга М.Ганбаатар хариу тайлбартаа, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн дүрмийн санд төрийн өмчийн эзлэх хувийг 49, хувийн өмчийн эзлэх хувийг 51 болгон өөрчилсөн талаар тус компанийн эрх барих дээд байгууллага болох хувь нийлүүлэгчдийн хурал Нийслэлийн  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас албан ёсны ямар нэгэн шийдвэр гараагүй болно. Нэхэмжлэлийн шаардлагадаа үндэслэл болгож байгаа Нийслэлийн өмч хувьчлалын комиссын 1993 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 99 дүгээр тогтоол нь хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд тухайн үедээ хэрэгжээгүй тогтоол юм. Учир нь 1993 оны 48 дугаар тогтоолд заасан 26972.2 төгрөгийн дүрмийн сан бүрдүүлсэн хөрөнгийн жагсаалтад 432.2 төгрөгийн үнэлгээтэй павильон орсон боловч 1993 оны 99 дүгээр тогтоолоор үүнийг буцаан авч дүрмийн сангаас хасахыг даалгасан байгаа нь Аж ахуйн нэгжийн тухай 1991 оны хуулийн 25 дугаар зүйлийн 11 дэх заалтыг зөрчсөн. Мөн хуульд зааснаар гишүүний оруулсан хөрөнгийг эгүүлэн олгох тохиолдолд заавал бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэх, дүрмийн сангийн хэмжээг өөрчилсөн шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор бүртгэх байгууллагад мэдэгдэх ёстой. Гэтэл Нийслэлийн өмч  хувьчлалын комисс дангаар шийдвэрлэсэн бөгөөд үүнийгээ зохих байгууллагад мэдэгдээгүй нь хууль зөрчсөн үйлдэл болсон. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хувийн өмчийг 51 хувь болгосон гэж үзэж байгаа бол энэ нь Компанийн тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Нийслэлийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх журмын 1.1, 2.2-д, 2.6, 2.7-6, 2.7-в, 2.8-д заасныг тус тус зөрчсөн байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн 4 дэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
Т.Нямдаваа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн өмч хувьчлалын комиссын Төрийн төлөөлөл 1993 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 99 дүгээр тогтоолоор дүрмийн санг өөрчлөн 432.2 мянган төгрөгийн 1 ширхэг павильоныг төрийн өмчид ногдох 70 хувиас хасаж тооцохоор шийдвэр гаргасан болно. Үүнийг төрийн өмчийн хороо болон Нийслэлийн өмчийн харилцааны газар зөвшөөрч ямар нэгэн тайлбар гаргаагүй бөгөөд тухайн үеийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Болдсайхан, П.Дэлгэрнаран нараас шүүх гэрчээс асуусан тэмдэглэлд “хувийн өмчийн 1 павильоныг төр өөрөө мэдээд “Говийн од” ХХК-д 2003 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 132 тоот тогтоолоор 497675000.0 төгрөгөөр тооцож худалдсан
тухай” гэрчилдэг. Түүнчлэн Нийслэлийн өмч хувьчлалын комиссын тогтоолоор дээрх павильоны үнийг 49 хувийг эзэмшиж байгаа хувийн өмчид нэмж тооцож, төрийн мэдлийн хувиас хасаж тооцсон болно. Уг компанийн хувийн мэдлийн хөрөнгийг эзэмшигчдийн удаа дараагийн хүсэлтээр Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж 2004 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж 02 тоот тогтоолоор “Хувийн мэдлийн хөрөнгийг 50.6 хувь, төрийн мэдлийн хөрөнгийг 49.4 хувь болохыг эцэслэн шийдвэрлэсэн. Шүүх хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт
хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй.

Мөн  Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны 2007 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралд “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Т.Нямдаваа намайг шүүх хуралд оролцох хүсэлтээ гаргасаар байхад оролцуулаагүй, өмгөөлөгчөөр хангаагүй, миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Нямбаатарыг уг хэрэгтэй танилцах боломж олгоогүй явдал нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг илтэд зөрчиж, хэт нэг талыг барьж үндэслэлгүй шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Иймд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 183 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны 2007 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 200 дугаар магадлалыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Уг шүүх хуралдааны 10 дугаартай тогтоолоор “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Т.Нямдаваагийн хяналтын гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлал болон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэжээ.

2007. Төв цэнгэлдэх хүрээлэн нэг хүний мэдэлд шилжжээ

Бас нэг мэдээллээр тус цэнгэлдэх хүрээлэнгийн хувийн өмчийн эзэмшигчид хуралдаж бусад нь өөрийн хувь эзэмшлийг бэлэглэх, эсвэл бэлэн мөнгөөр худалдах зэргээр шилжүүлснээр Т.Нямдаваа дангаараа 51 хувийг эзэмших болжээ.

2013. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг нийслэлийн өмчид авах тухай яриа гарав. 

2012 оны УИХ-ын сонгуулиар гарч ирсэн нийслэлийн шинэ удирдлага төрийн баяр наадам болдог Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг нийслэлийн өмчид авах шаардлагатай тухай байр сууриа илэрхийлж, ингэхдээ нөгөө 2 хувийн холбогдолтой хууль бус шийдвэрийг залруулах замаар шийдэхээр яригдсан.

Гэхдээ яг ямар арга хэмжээ авч хөөцөлдсөн нь тодорхойгүй. Өнөөдрийн байдлаар ямар нэгэн үр дүнд хүрээгүй байна.

Эхэнд очих


Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрын хувьчлал

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн эзэмшилд зөвхөн цэнгэлдэх хүрээлэн биш орчны газар, барилга байгууламжууд хамаардаг.  Анх 32 га (зарим мэдээллээр 38,2 га) газартай байсан бол өнгөрсөн хугацаанд дөрөв дахин багасч 8 орчим га үлджээ. Үүнийг төрийн өмчийн төлөөлөл болох Нийслэлийн захиргаа болон хувийн өмчийн төлөөлөл болох П.Нямдаваа нар янз бүрийн компани, байгууллагуудад олгожээ. Одоо тэнд орон сууцны хороолол, бусад барилга байгууламжууд боссон байна.

Төв цэнгэлдэхийн эргэн тойрны газраас эзэмшиж байгаа зарим иргэн, хуулийн этгээдийн талаархи зарим мэдээлэл:

А.Сүхбат (аварга, УИХ-ын гишүүн) – 600 ам.метр

Жи Кэ Си ХХК

“Хүчит эрдэнэ” ХХК

“Оюунтүлхүүр сан” (дуучин Д.Оюунтүлхүүр) – 1,2 га

Боулингийн холбоо

Иргэн Ц.Ганцэцэг (Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаярын дүү)

Хурд групп (УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн) – “Рапид харш” хотхон

Ерөнхийлөгч асан Н.Багабанди

Эрэл групп (Б.Эрдэнэбат)

Ө.Энхтүвшин (УИХ-ын гишүүн)

“Түрү” ХХК

Нийслэлийн Засаг дарга байсан М.Энхболдын (он тодорхойгүй) 226 тоот захирамжаар 8,2 га-г “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-д үлдээж, бусад газрыг Олимпийн цогцолбор байгуулах зорилгоор Монголын үндэсний олимпийн хороо, Нийслэлийн биеийн тамир, спортын хороо, Бэйсболын холбоо, Монголын Боулингийн холбоо, “Оюунтүлхүүр” сан, Скаутын холбоо зэрэг байгууллага олгосон гэдэг.

Эхэнд очих

Та энэ асуудлаар санал сэтгэгдэл, үнэлэлт, дүгнэлтээ хуваалцана уу. Хэрвээ ноцтой баримт мэдээлэл бичсэн бол бид зөвхөн нягталсны дараа ашиглах болно

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: